1.1. COP17-ын шийдвэрт (1) уламжлалт нүүдлийн мал аж ахуйн бэлчээр ашиглалтыг газрын доройтлыг саармагжуулах (LDN), уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах стратегийн ач холбогдол бүхий экосистем гэж хүлээн зөвшөөрөх, (2) нүүдлийн мал аж ахуйг хуурай бүсийн экосистемийг тогтвортой ашиглах уламжлалт, дасан зохицох чадвартай менежментийн тогтолцоо болохыг бодлогоор дэмжих; (3) бэлчээрийг зөвхөн үйлдвэрлэлийн нөөц бус нүүрстөрөгчийн хуримтлал, усны зохицуулалт, биологийн олон янз байдлыг хадгалах байгалийн бүтэц, ядуурлыг арилгах, хүнсний аюулгүй байдлын суурь үндэс гэж үзэх чиглэлийг тусгах;

1.2. Газрын доройтлыг бууруулах бодлого нь зөвхөн биологийн нөхөн сэргээлтээр хязгаарлагдахгүй. Энэ нь мөн орон нутгийн иргэдийн, малчдын газар, байгалийн нөөц ашиглах харилцаанд оролцох эрхэд тулгуурлах шаардлагатай. Иймд (1) малчдын уламжлалт бэлчээр ашиглах хамтын эрхийг  хүлээн зөвшөөрч баталгаажуулах; (2) улирлын нүүдлийн зам, өвөлжөө, хаваржаа, усны эх хамгаалах, уул уурхай, зам, дэд бүтцийн төслүүдэд малчид, орон нутгийн иргэдийн саналд үндэслэн шийдвэр гаргах; (3) газрын ашиглалт, мониторинг, биологийн нөхөн сэргээлтийг хүлээж авах үйл явцад малчид, орон нутгийн иргэдийн бодит оролцоог хангах; (4) уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдэд чөлөөт, урьдчилсан, мэдээлэлтэй зөвшөөрлийн зарчмыг зөвхөн зөвлөлдөх уулзалтаар хязгаарлахгүйгээр төслийн төлөвлөлт, байршил сонголт, зураг төсөл боловсруулах, хэрэгжилт, хаалт, нөхөн сэргээлтийн бүх үе шатанд хэрэгжүүлэх; (5) байгаль орчны болон нийгмийн шударга ёсыг хангах үүднээс шударга үнэлгээ, шударга газар чөлөөлөлт, шударга нөхөн олговор, эрхийг сэргээх зарчмыг практикт мөрдөх; (6) малчдыг газрын доройтлыг бууруулах бодлогын хэрэгжүүлэгч төдийгүй эрх эзэмшигч  (rights-holder) гэж хүлээн зөвшөөрч, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний бүх шатанд утга учиртай оролцоог хангах шаардлагатай бөгөөд талуудын бага хурлын шийдвэрт багтаах;

1.3. Уул уурхай, олборлох үйлдвэрлэл, эрчим хүч, авто болон төмөр зам, боомт, тээвэр логистикийн төслүүдийн шууд болон дам нөлөөллийн бүсэд амьдарч буй малчдыг газрын доройтол, бэлчээрийн хуваагдал, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд хамгийн өртөмтгий, эмзэг бүлэг болохыг хүлээн зөвшөөрч, тэдний газар ашиглалт, уламжлалт нүүдлийн тогтолцоо, амьжиргааг хамгаалах зорилго бүхий цөлөрхөг бүсийн малчдын “Тогтвортой бэлчээрийн эрхийн төлөөх Улаан шугам” санаачлагыг дэмжсэн тусгай бодлогыг Талуудын шийдвэрт тусгах;

1.4. Уламжлалт нүүдлийн орон зай, бэлчээрийн экологийн холбоос, малын отрын бүсийг үндэсний болон орон нутгийн газар ашиглалтын төлөвлөлтийн заавал хамгаалах бүс болгон тодорхойлох;

1.5. Төслийн үйл ажиллагааны улмаас үүссэн байгаль орчин, нийгмийн маргааныг шийдвэрлэх хараат бус, хүртээмжтэй, үр нөлөөтэй гомдол барагдуулах механизмыг бий болгох эрх зүйн баталгааг хангах;

1.6. Төсөл хэрэгжүүлэгчид уурхайн хаалт, нөхөн сэргээлт, урт хугацааны экологийн эрсдэлийг санхүүгийн баталгаагаар бүрэн хангах;

1.7. Экосистемийн үйлчилгээний үнэлгээнд уул уурхай, дэд бүтцийн төслүүдийн улмаас алдагдсан бэлчээрийн үйлчилгээ, усны үйлчилгээ, соёлын үйлчилгээ, нүүдлийн мал аж ахуйн үнэ цэнийг тооцох;

1.8 Уул уурхай болон бусад бизнесийн төслүүдийн орчинд сүүлийн үеийн техник технологи бүхий байгаль орчны байнгын ажиллагаатай, хамтын оролцоотой мониторингийн системийг суурилуулж, мэдээллийг нээлттэй сүлжээнд холбож, бодит мэдээлэл-өгөгдлийн бааз бүрдүүлэх;