2.1. Уул уурхай тус бүрийн үйл ажиллагааны хариуцлагатай байдал болон эдийн засгийн өгөөжийг үндэсний хэмжээнд тайлагнах замаар уул уурхайн замбараагүй байдлыг цэгцлэн эрэмбэлж, лицензын тоог цөөрүүлэх
2.2. Ус, бэлчээр, уламжлалт нүүдлийн ландшафтын нэгдсэн хамгаалалтыг бэхжүүлэх замаар газрын доройтлыг бууруулахад COP17-ын хүрээнд (1) булаг, шанд, голын эх, худаг, усны нөөцийг хамгаалах; (2) усны нөөц болон бэлчээрийн ашиглалтыг уялдуулах; (3) нүүдлийн уламжлалт зам, экосистемийн холбоос бүхий ландшафтыг хамгаалах; (4) бэлчээрийн зориулалтыг үндэслэлгүй өөрчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэл шаардлагатайг Талууд хүлээн зөвшөөрч дэмжин шийдвэрт багтаах;
2.3. “Тогтвортой бэлчээрийн эрхийн төлөөх Нүүдэлчин – Улаан шугам” зарчмыг Талууд үндэсний болон бүсийн бодлогоор батлагаажуулж практикт нэвтрүүлэх шаардлагатай. Дараах бүсүүдийг экологи болон уламжлалт ашиглалтын онцгой ач холбогдолтой хамгаалалтын бүс болгон авч үзэх. Үүнд: (1) усны эх үүсвэр; (2) булаг, шанд; (3) худаг; (4) өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа; (5) уламжлалт нүүдлийн зам; (6) тахилгат уул ус, хайрхан; (7) экологийн эмзэг бэлчээрийн бүсэд уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжлийг экосистемийн даац, нийгэм–байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд үндэслэн зохицуулах малчдын “Тогтвортой бэлчээрийн эрхийн төлөөх Улаан шугам” санаачлагыг Талууд хүлээн зөвшөөрч шийдвэрт багтаах;
2.4. Хариуцлагатай хөрөнгө оруулалт, компанийн хариуцлагыг бэхжүүлэх чиглэлд, томоохон хөгжлийн төслүүд хуримтлагдах ба уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатайг Талууд хүлээн зөвшөөрч дэмжин шийдвэрт багтаах;
2.5. Хөгжлийн төсөл хэрэгжүүлэгч талууд (1) газрын доройтлоос урьдчилан сэргийлэх; (2) нөхөн сэргээх; (3) зөвхөн хуурай технологи нэвтрүүлэх; (4) орон нутгийн иргэдэд учирсан хохирлыг шударгаар барагдуулах; (5) урт хугацааны экологийн хариуцлага хүлээх, даатгалд хамруулах зарчимд шилжих шаардлагатайг Талууд хүлээн зөвшөөрч дэмжин шийдвэрт багтаах; (6) говь цөлийн бүсэд сөргөөр нөлөөлөх аливаа төсөлд төрийн нийтийн өмчит хөрөнгө оруулалт хийхгүй байх Конвенцийн зөвлөмжийг мөрдүүлэх шийдвэр болгон СОР17-оос шийдвэрлэх.
2.6. Томоохон хөгжлийн төслүүдийн байгаль орчин, нийгэм, хүний эрхийн эрсдэлийг үнэлэхдээ зөвхөн тухайн төслийн шууд нөлөөллөөр хязгаарлахгүйгээр бүс нутгийн хэмжээнд хуримтлагдах (cumulative), шууд бус болон урт хугацааны нөлөөллийг заавал үнэлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх;
2.7. Шинжлэх ухаан–бодлогын уялдаа, мониторингийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд ****зaйлшгүй анхаарах замаар газрын доройтлыг бууруулах, засаглалыг сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, PRAIS тайлагнал болон үндэсний мониторингийн тогтолцоонд хиймэл дагуулын мэдээлэл, бэлчээрийн чанарын үнэлгээ, хөрсний органик нүүрстөрөгч, ургамлын бүрхэвчийн өөрчлөлт, малчдын уламжлалт мэдлэгийг нэгтгэсэн оролцоонд суурилсан үнэлгээний тогтолцоог бий болгох шаардлагатайг Талууд хүлээн зөвшөөрч дэмжин шийдвэрт багтаах;
2.8. Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-оос говь цөлийн хамгаалалттай бүсэд олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглох болон “Хуурай болон хагас хуурай бүс нутаг дахь олборлох үйлдвэрлэл: Байгаль орчны төлөвлөлт ба менежмент” (2003) удирдамж, дагалдан гарсан тогтоолуудын хэрэгжилтийг үндэсний тайлагналын PRAIS системийн хүрээнд багтан тайлагнадаг болгох шийдвэр гаргах;